Монгол Бичлэгүүд

Америкаас ирсэн зурвас

“МОНГОЛ” хэмээх дурсамж номыг гараасаа салгалгүй барьсаар уншиж дууслаа. Харийн газар эх нутаг, элгэн саднаасаа алс хол олон жил ажил амьдралын мөр хөөж явахдаа төрсөн үрээ алдсан Монгол эхийн уй гашуу, аугаа хайр, зориг тэвчээр, сэтгэлийн хатыг биширч нулимс  Tsegy's photoунагах үе байвч харь оронд бидэнд ёс заншил, соёлын ялгаанаас үүдэн тохиолддог хөгтэй явдлуудыг яг дүрслэн бичсэн хэсгийг уншихуй өөрийн эрхгүй инээдээ барьж дийлсэнгүй. Монголын хөдөө нутагт төрж өссөн Ууганаа маань Монголчууд гэж хэн бэ, ямар өвөрмөц зан заншилтай ард түмэн бэ гэдгийг Англи хэл дээр нүдэнд харагдтал маш сонирхолтой тайлбарлаж бичсэн нь Монголыг сонирхсон хэн бүхэнд бараг бэлэн гарын авлага болмоор. Бас бидний хэзээ ч жор хэрэглэж хийж үзээгүй БУУЗны жорыг хавсаргасан нь гадаад найз нөхдөд хэлж зааж өгөхөд их тус болно шүү. Энэхүү дурсамж номын хамгийн ОРГИЛ нь эдүгээ үед гадаадад Монгол гэж мэддэггүй, аль 19-р зуунд Дауны хам шинж өвчнийг нэг нөхөр Монголоид (Монголжуу, Монгол төрхтэй) өвчин гэж нэрлэснийг шууд утгаар нь хэрэглэж, улмаар “оюуны хомсдолтой”, “тэнэг мангар” гэдэг үгсийн оронд “Монгол” гэдэг үгийг хэрэглэсээр буйг эсэргүүцсэн дуу хоолой юм. Магадгүй өөдөсхөн жаахан Billy Буузанхүү энэ их үйлсийн төлөө, МОНГОЛ хэмээх үгийг ямар нэгэн өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлийн нэр, хоч болгон дуудуулахгүйн төлөө энэхэн хорвоод түрхэн ирсэн байх. Тэр ээжийнхээ дурсамж “Монгол” номоор энэ дэлхийд бас мөнх амьдрах болно. Энэхүү номыг уншсан гадаадын хэнбугай ч нүүдэлчин Монголын давтагдашгүй соёл, уужим ухаан, ариун сэтгэлийг бишрэхийн хамт Монгол бүсгүйчүүдийн дайчин чанарыг бас олж харахуйц сайхан ном болжээ. Баярлалаа. Цэрэн

 

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

“Монгол хүн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертөнцийн нэг гайхамшиг байгаа юм аа.” Б.Лигдэн

12 сарын 10нд буюу Хүний Эрхийн Өдөр бичсэн номныхоо интернет хувилбарыг нийтэд хүргэхээр шийдлээ. Би ихэнхдээ энд Англиар бичээд байгаа байж магадгүй. Яагаад гэвэл бичсэн ном маань Монгол гэдэг гарчигтай, гадныханд зориулсан гэхэд болно. Номныхоо гарчигнаас эхлээд л хүмүүст хүрэх гэж зорьж байгаа минь энэ. Монгол гэж манайхан бахархаж, бардамнаж ирсэн ч хилийн дээс давж энд тэнд яваад ирэхэд эх орны минь нэр, элгэн садны маань угсаа гарал Монгол гээч үг нэг л бишээр хэрэглэгдэж байгааг анзаарч сэтгэл өвдөх юм. Хүний Эрхийн Өдөр хүн болж төрсөн эрхээ эдэлж эрх чөлөөтэйгөөр бодлоо илэрхийлж, Монгол  гэдэг нэрийг буруу хэрэглэж буй тал дээр тэмцэж, зөвөөр хэрэглэхийг сурталчилж яваагаа та бүхэнтэй хуваалцъя.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

‘Өө хэл, яриа өөрчлөгддөг ш дээ, өөрөө л өөрчлөгдчихнө’ гэж нэгэн сурвалжлагч залуу мөрөө хавчиж байсан нь одоогоос хоёр жилийн өмнө шиг санагдана. Хэл яриа хувирч, шинэчлэгдэж байдаг гэдгийг би сайн ойлгодог л доо. Гэхдээ би ч бас үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болохоор орчин үед юун төлөө энэ олон интернет талбарууд бий болоод байгааг ашиглаад хэлэх үгээ хэлмээр санагдсан юм. Хөгжлийн бэрхшээлийг улс үндэстний маань нэрээр нэрлээд бүүр болоогүй одоо залуус нь буруу утгаар хэрэглээд нэгнийгээ тэнэгээ гэхийн оронд монголоо гэж дуудаад, бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр үгээрээ дайруулж доромжлон, даварсан хошин шогчид нь онигоогоо ‘монгол’ гээд дуусгаад байхад би л лав хараад инээгээд сууж чадахгүй. Энэ үгэнд би ёстой дургүй гээд номны минь нэр рүү зангаж байх хүнтэй ч таарлаа. Өсөхөөсөө бахархаж, гоёж явсан Монгол гэдэг үг маань Англи, Америк, Япон, Франц гэдэг үгнүүдтэй адилхан хэрэглэгдэж, Монгол гэхэд Монгол хүн бодогдох ёстой гэж хэлэх гэсэн юм.

Үнэнийг мэдэх эрхтэй

Энэ үг хэллэг хаанаас эхлэв? Их Британий эрдэмтэн Жон Лангдон Даун гэдэг хүн 1860 аад оны үед Даун синдромыг анх анзаарч ажиглан анагаах ухааны салбарт энэ талаар амжилт гаргасан гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэрээр Дауны хам шинжийг Монголойд гэх бүлэг хүмүүс буюу зүүн азийн үндэстэн угсаатнуудтай нүүрний хэлбэр адил, нүд нь жартгар гэж тайлбарласан нь дэлхий дахинаа эрүүл мэднийн салбарт онош болон тэнэг монгол гэдэг нэрээр тархжээ. Ингээд 1960 аад оны үед Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага нь Монголын төлөөлөгч энэ талаар санал тавьсны эцэст энэ нэр томьёог албан бичигнээс буулгаж Даун гэж тэр эрдэмтний нэрээр солин өөрчилжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх

Ихэнх нь өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй хүмүүсийг монгол гэдэг үгээр дээрэлхэж хандсаар байгаа хандлага хэд хэдэн оронд байсаар байна. Үүнийг уншиж буй таньд ийм байдал ажиглагдаагүй байж магадгүй. Яагаад гэхээр энэ нь нийгмийн давхарга, аль муж, аль тив гэдгээс шалтгаалж янз бүр байдаг. Хүн бүр тэгэж хэлдэггүй, зарим хүмүүс хэлдэг бас хэрэглэдэг. Саяхан нэгэн сонинд миний тухай нэгэн нийтлэл гарсны дараа Шотландын Даун Синдромын холбоо руу нэгэн аав уйлан утасдсан байсан юм. Тэрээр том болсон Даунтай хүүтэй нэгэн бөгөөд энэ үг ямар хэцүү байдгийг биеэрээ амссан аж. Миний хийж байгаа сурталчилгааг дэмжиж байгаа гэдгээ хэлэх гэж утастсан түүнд би их баярлаж байгаа юм. Яагаад гэхээр олон хүмүүс зөвхөн тийм шүү гээд л өнгөрдөг. Тэр хүн эхний алхам, өөрөөсөө шалтгаалах зүйл хийж чадсанд нь би олзуурхсан юм.

Жич: Дауны хам шинж нь 21 дэх хромосом нэгээр илүүгээс үүсдэг. Хамгийн элбэг тохиолддог хромосомын өөрчлөлт. Хэдэн настай, аль улсаас гаралтай, арьс өнгө ялгаагүй хэнд ч тохиолдоно.
Ливаны Дауны Холбоо монгол гэдэг үгийг хориотой үгэндээ оруулж, Дауны хам шинжийг зөвхөн Даун гэдэг нэрээр л мэдэх ёстой гэж сурталчилж байгаа бөгөөд энд Аргинтиний Дауны Холбооноос хэд хэдэн хараалын буюу доромжлол үгсийг Даунтай хүмүүст битгий хэлээрэй гэсэн сурталчилгаа бичлэг хийснийг энд тавьлаа. Монгол гэдэг үг маань mogolico гэдгээр гарч байгааг анзаараарай.

Эмэгтэйчүүдийн эрх

Миний ажигласнаар заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлэх нь ээжийнх нь буруу болдог тал бий. Хүүхэд бий болгоноо гэдэг чинь эх, эцэг хоёроос яг адилхан хамаардаг. Өвчтэй хүүхэд гаргалаа гээд өвдөг сөгдөн байж авсанаа мартчихсан гар хүрч, нүүр амыг нь хөх булдруу болгож, ичгүүр үүрүүлж бас хаяад явсан тохиолдлууд байгаа нь нууц биш юм. Тиймээс би тэр ээжүүдэд энэ бол таны буруу биш гэж хэлэх гэсэн юм.

Шилжин суугч буюу гадаадад амьдрагч

Намайг Шотландад энэ талаар ярьж эхлэх үед нэгэн эмэгтэй: ‘Чи өөр улсад ирчихээд тэр улсынх нь соёлыг дагах ёстой. Жаахан тэвччих.’ гэж билээ. Мэдээж би амьдарч байгаа газрынхаа ёсыг бодож дасан зохицохыг хичээдэг, хичээлгүй яах вэ. Гэхдээ … гэхдээ … гэхдээ … Миний зүрх сэтгэл эндэхийн хүн бүр тэр эмэгтэй шиг биш гэдгийг мэддэг болохоор, намайг ойлгох хүн зөндөө бий гэж мэдэрсэн болохоор бас ‘Бид нар тийм ч биш шүү. Хамтраад үүнийг өөрчилцгөөе. Бид чадна’ гэж хэлсэн болохоор л тэр.

Тийм ээ, БИД ЧАДНА. Би Монгол гэдэг үгнийхээ талаар ярьж, бичиж, сурталчилах болно. Та ч гэсэн өөрийнхөө хувь нэмрээ оруулнаа гэдэгт итгэж байна.